Эрдэнэсийн санд орох алтны хэмжээ өснө


Монгол Улсын татварын нийт орлого энэ удаад өмнөх оны мөн үеийнхээс 77.8 хувиар өссөн дүн гарлаа. Үүнээс зарим
бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 2.6 дахин, гадаад худалдааны татварын орлого 78.4 хувь, онцгой 57.8, нэмэгдсэн
өртгийнх 68.5-аар нэмэгдсэн сайн мэдээ гарлаа. "Татварын хуулиудад өөрчлөлт орж, шинэчлэл хийснээр манай улс Азидаа
хамгийн бага татварын хувь хэмжээтэй оронд тооцогдож байна. Хувь хэмжээнээс гадна татварын орчин сайтай гэсэн дүгнэлт авсан.
Энэ нь Монголд бизнес эрхлэх нөхцөл эрс сайжирч байна гэсэн үг" хэмээн Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зориг ярьж
байна.

Үүнээс гадна энэ жил иргэн, аж ахуйн нэгж нуун дарагдуулсан татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ
2008 оны долдугаар сарын 1-ний дотор мэдүүлэх ёстой. Ингэхдээ санхүүгийн болон татварын тайлангаа шинэчлэн гаргаж
харьяалах албанд өгөх хэрэгтэй гэнэ. Харин одоогийн байдлаар улсын хэмжээнд 100 гаруй татвар төлөгч шинэчилсэн тайлангаа
ирүүлээд байна. Үүнээс нуугдмал байсан 20 тэрбум төгрөгийн орлого илэрчээ. Ийм зөрчилтай байсан аж ахуйн нэгжид нэг ч
төгрөгийн татвар ногдуулалгүй өршөөж чөлөөлсөн аж.

Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнийн өсөлт манай улсын эдийн засагт таатай уур амьсгалыг авчирсаар байна. Ялангуяа
зарим бүтээгдэхүүнд ногдуулах гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас орох орлого улсын төсвийн бүрдүүлэлтэд тодорхой
хэмжээгээр нөлөөлж эхэлсэн. Үүний дүнд нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өссөөр байгаа. Зарим төрлийн
бүтээгдэхүүн гэдэг нь угтаа бол алт, зэс хоёр. Гэнэтийн ашгийн албан татварын хуульд зааснаар алт, зэсийн үнийн өсөлтөөс 68
хувийн татвар авахаар болсон.

Дэлхийн томоохон хөрөнгийн бирж дээр тонн зэсийн үнэ 2600, нэг унци алтных 500 ам.доллараас дээш давсан үед уг татварыг
ногдуулахаар заасан билээ. Гэхдээ энэ хууль алтны хувьд сөргөөр нөлөөлж эхэлсэн юм. Энэ онд гэхэд гэнэтийн ашгийн татвараар
алтнаас 53.8 тэрбум, зэсээс 309.5 тэрбум төгрөг Монгол Улсыг хөгжүүлэх санд оруулахаар төлөвлөжээ. Үүнээс зэсийн татвараас
102 тэрбум, алтнаас ердөө 5.3 тэрбум төгрөг ороод байгаа. УИХ Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай
хуулийг анх 2006 оны тавдугаар сард баталсан. Ийм өндөр татварт зэсийн хувьд санаа зовох зүйл байсангүй. Зэсийн баяжмалын
экспортын биет хэмжээ өнгөрсөн дөрвөн сарын байдлаар 2.7, үнийн дүн нь 41.4 хувиар өссөн байна. Нэг тонн зэсийн баяжмалын
үнэ өмнөх оны эхний дөрвөн сарын дунджаар 1054.3 ам.доллар байв. Харин энэ оны дунджаар 1452.2 ам.доллар болж, 37.7
хувиар өссөн нь бидний аз гэхэд болно.

Уг нь "Алт" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монголбанкны Эрдэнэсийн санд тушаасан алтны хэмжээ жил тутам өсч байв. Гэтэл
2006 онд дээрх хууль батлагдсанаас хойш Эрдэнэсийн санд орох алтны хэмжээ огцом буурсан. Өнгөрсөн онд аж ахуйн нэгж,
иргэдээс 17.2 тонн алтанд сорьц тогтоолгосны 10.5 тонныг нь тушаасан судалгаа гарчээ. Энэ хэмжээ 2005 онд 15.23 тонн байсан
аж.

Түүнчлэн өнгөрсөн онд олборлосон алтанд 72.1 тэрбум төгрөгийн үнийн өсөлтийн албан татвар ногдуулжээ. Гэвч 34.2 тэрбум
төгрөг нь улсын төсөвт төвлөрсөн байна. Уул уурхайн салбарынхан цугласан нэг уулзалтын үеэр тэд энэ талаар "Бидний ихэнх нь
банкнаас зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авч эхэлсэн нь том дарамт учруулах болсон.
Бараг гучаад төрлийн татварынхаа дороос арай ядан гарч байхад олсон ашгийн маань талаас илүү хувийг суутгана гэдэг үнэхээр
шударга бус шийдвэр. Ийм хууль байхад ялангуяа жижиг аж ахуйн нэгж, хувиараа алт олборлогчид Эрдэнэсийн санд сайн дураар
тушаана гэж байхгүй шүү дээ" хэмээн бухимдацгааж байсан. Уг нь энэ хуулийг баталсны дараа алт олборлогч аж ахуйн нэгжүүд
нэлээд эсэргүүцсэн. Хуулиа эргэн харах, шийдвэрээ хүчингүй болгохыг удаа дараа шаардаж байв. Гэвч хувийн хэвшлийнхнийг УИХ
үл тоосон.

Ингэснээр бид юу хожив. Лав дээрх шийдвэр гарснаас хойш алт хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого олонтаа гарлаа.  Замын-
Үүдийн боомтоор хэдэн сарын өмнө 14 кг буюу 400 гаруй сая төгрөгийн үнэтэй алт гаргахыг завдаад баригдсан. Мөн 8.3 кг алтыг
хил давуулах гээд чадаагүй. Үнэндээ энэ бол зөвхөн илэрсэн нь. Гэнэтийн ашгийн гайтай хуулиас болж Монголын алтны хэдэн хувь
нь нууцаар хил давж байгааг хэлж мэдэхгүй юм.

Энэ хуулийн төслийг анх УИХ-ын арваад гишүүн боловсруулан өргөн барьсан гэх. Тэд энэ татвараас жилд 250 тэрбум төгрөгийн
орлого олно хэмээн тооцжээ. Улсын хэмжээнд жилд олборлох алтны хэмжээ буураагүй байтал ийнхүү валютын нөөц, Эрдэнэсийн
санд орох орлого жил, бүр сар тутамд багассаар байна. Энэ мэдээ Монгол Улсын далд эдийн засаг хүрээгээ тэлж буйн тодорхой
жишээ биш гэж үү.

Юутай ч алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах талаар арга хэмжээ авахаар болсон. Тушааж буй алтны
хэмжээг нэмэгдүүлэх, борлуулсан алтанд ногдох татвар, төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх талаар хуулийн төсөл боловсрууллаа.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор ногдуулж буй үнийн
өсөлтийн албан татварыг хүчингүй болгох асуудлыг тусгав. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дэлхийн зах зээл дэх
алтны үнэтэй нь уялдуулан шаталсан хувиар нэмэгдүүлэхээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл боловсруулсан.

Тодруулбал, Монголбанкнаас зарласан нэг унци алтны үнэ 500 хүртэл ам.доллар байхад нөөц ашигласны төлбөрийн хэмжээ тав,
600 хүртэл ам.долларт зургаа хувь байхаар тооцох гэнэ. Цаашлаад 700 хүртэл ам.долларт долоо, 800-д найм, 900-д ес, 1000-д
арав, 1000-аас дээшхид 11 хувь байхаар тусгасан байна. Ингэснээр Эрдэнэсийн санд тущаах алтны хэмжээ тун удахгүй өсч, улсын
төсөвт оруулах татвар нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Ц.Хэрлэн
Өнөөдөр
www.mongolianworld.com