www.mongolianworld.com
Хүүхнүүдээр өгөөш шидэж болохгүй шүү, намуудаа
|

Хил дамнасан хүний наймаа гэгчээр намууд хоорондоо хүүхний наймаа үсэргэж, улс төрийн золиос хийх
нь үү гэх хар сэр төрөхөөр байна-
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2005 оны арванхоёрдугаар сард шинэчлэхдээ парламентад суудалтай
намууд нэр дэвшигчдийн 30 хүртэл хувь нь эмэгтэй байх тухай заалт оруулж бүсгүй гишүүдийнхээ нарыг нэг
их гаргав. Гэвч сонгууль дөхүүлж байгаад шингэн дуутай таван гишүүнээ элэг барин энэ заалтаа хуулиас
сугалж, эмэгтэйчүүдийн сонгогдох эрхийг арай л хуулиар хорилгүй шиг өнгөрсөн. Сүүлийн үеийн байдлаас
харахад сонгуульд нэр дэвших, сунгаанд өрсөлдөх ажил арай ч эрийн дөрөв дэх наадам болохгүй нь
бололтой. Нам бүр хэд хэдэн бүсгүйг нэр дэвшигч дотроо оруулж жендэрийн тэгш байдлыг "хангах"-ыг
оролджээ. Гэхдээ эмэгтэй нэр дэвшигчдийг гишүүд дундаасаа сонгож, тойрог хуваарилах гэж буй байдлаас
харвал дийлэнхийг нь нөгөө намынхандаа өгөөш болгон хаяж өгөх янзтай. Хил дамнасан хүний наймаа
гэгчээр намууд хоорондоо хүүхний наймаа үсэргэж, улс төрийн золиос хийх нь үү гэх хар сэр төрөхөөр
байна.
Уг нь аль ч намд нүүр улайлгалгүй нэр дэвшүүлээд суудал аваад ирэх бүсгүй гишүүн олон бий. Гэтэл
тэднээсээ сонгож мандат олгохдоо намууд гар татуу атлаа хэн ч танихгүй, сөрөг талын өгөөш болох
эмэгтэйчүүдийг өчнөөнөөр нь сойсон байх юм. Шилдэг улстөрч эмэгтэйчүүд гэж хүн танихгүй шахам
хүүхнүүдийн нэр зоож дамшигласан намууд одоо тэднээрээ тойргийн нөхөөс хийн тоглох ажлаа эхэллээ.
МАХН-аас нэр дэвших эрх горилогчид дунд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан, Удирдлагын академийн
багш В.Удвал алга. Д.Дэмбэрэл, Л.Одончимэд гээд ахмад гишүүд зодог тайлаагүй байхад "Гал голомт"
хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөөг нэр дэвшүүлсэн ч яадаг юм. УИХ-ын гишүүн асан О.Энхтуяа, Ү.Наранцэцэг,
Р.Нарангэрэл, Ч.Отгонбаяр, Х.Хулан, Гадаад хэргийн сайд асан Н.Туяа нарыг тус тусын нам нь мартжээ.
Цагтаа байнгын хороо толгойлж, яам тэргүүлж явсан тэд парламентад суувал амаа үдүүлсэн Каролия
эрчүүдээс төрд хавьгүй илүү нэмэртэйсэн.
Эрчүүдтэй ана мана өрсөлдөн намдаа суудал нэмэх магадлалтай кандидат гэвэл Ардчилсан намаас
Дундговьд нэр дэвшүүлэх Б.Дэлгэрмаа, нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэр нь гарсан УИХ-ын гишүүн Б.
Мөнхтуяа, Чингэлтэй дүүрэгт дуулдаж буй Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа, МАХН-аас
Завхан аймагт дэвшүүлж байгаа "Отгонтэнгэр" их сургуулийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.
Оюунхорол, Баянзүрх, Баянгол дүүрэгт сураг дуулдаад буй УИХ-ын гишүүн Т.Ганди, гишүүн асан Д.Алтай,
ИЗН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд С.Оюун, Орхон аймагт
нэр дэвших Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны нийслэлийн тэргүүн Д.Оюунцэцэг, Хөвсгөл аймагт
Ардчилсан намаас дэвших Ц.Оюунгэрэл нар байна. Эд нараас сонгогдож чадвал шинэ УИХ долоо,
найман эмэгтэй гишүүнтэй байх боломжтой.
Ердөө л тойрогт нэрний нэмэр болж, эсрэг талынханд суудал бэлэглэх хатагтай нарыг намууд нэр
дэвшүүлэхээр бэлтгэхдээ нөгөө намтайгаа зөвшилцөн өгөөш бэлтгэсэн байхдаа ядах юмгүй. Архангайд
Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Удвалыг МАХН дэвшүүлэхдээ Р.Гончигдорж, Ц.Цолмон хоёрын аль
нэгийн аманд чулуудсан юм биш байгаа. Сүхбаатарт аймагт "Монос"-ын Л.Эрдэнэчимэг МАХН-ын Ч.Улаан,
Р.Буд нарыг давна гэхэд эргэлзээтэй. Дорнодод Ардчилсан намын Б.Мөнхцэцэг МАХН-ын Д.Одбаяр,
Иргэний зоригийн М.Зоригт нарыг барна гэж үү. Нийслэлийн тойргууд эмэгтэйчүүдэд ээлтэй байдаг ч
Баянгол дүүрэгт Ардчилсан намын С.Одонтуяа, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-ын Д.Баярсайхан, Б.
Ундармаа, ҮШН-ын М.Тунгалаг, Сүхбаатар дүүрэгт МАХН-ын Б.Чимгээ нар арай л сульдаж мэднэ. Ховдод
Ардчилсан намын Б.Баянцэцэг, Хөвсгөлд Эрүүл мэндийн дэд сайд, МАХН-ын Ц.Цолмон нар энэ удаад
явахгүй биз.
Нэр дэвшигч бүр л ялахын төлөө өрсөлддөг ч эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс хэд дахин илүү хүч зарж
байж төр түших эрх олж авдгаараа онцлог. Алдах юм бол эрчүүдээс хэд дахин хүчтэй унаж, хэл амны бай
болдгоороо бас хэцүү. Сулхан эмэгтэйчүүд дэвшүүлж суудлаа алдсан хойноо "хүүхнүүдийг дэвшүүлэхээр
ийм шүү дээ" гээд суух гэж байгаа юм, эрэгтэй улстөрчид.
Намууд нэр дэвшүүлэхдээ зарим тойрог дээр ханцуй дотроо наймаалцаж, чадалтай чадалгүй
кандидатуудаа сөөлжүүлж тулгадаг хуучтай. Сонгуулийг эрийн дөрөв дэх наадам болгохгүйн тулд сулхан
хэдэн хүүхнээр шатрын хүү нүүж, нөгөө талдаа зөөлхөн зууш бэлтгэж ч байгаа юм бил үү, хэн мэдлээ.
Хүний эрх, жендэр талаасаа ч гэсэн хүүхнүүдээр хоорондоо өгөөш шидэж болохгүй шүү, намуудаа.
Д.ОЮУНЦЭЦЭГ
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=15108
Будааны үнийн өсөлт хэрээс хэтэрлээ /Цагийн хүрд 2008.05.08/
Баасан, 2008 оны 5-р сарын 9
Долоохон хоногийн өмнөхөөсөө нэг дахин өсч байгаа будааны үнэ хэрээс хэтэрчээ.
Хэдийгээр дэлхий дахинд хүнсний хомсдол нүүрлээд байгаа ч нэг дахин нэмэгдэхээр
болоогүй гэдгийг мэргэжилтнүүд болоод иргэд хэлж байна. Баасан 2008.05.09