



Монгол цусаа булгилуулж Сөүлийг доргиосон үдэш
Өчигдөр 22 цаг 12 минут
-Сайхан мэдээ, БНСУ-д визгүй зорчих эхний саналыг тавилаа-
Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж гурван урилгыг нэг дор "бөөндөн"
хэрэгжүүлэхээр БНСУ-ыг зорьж долоо хоног айлчлаад ирлээ. Түүнийг
урьсан эхний газар нь БНСУ-ын Олон улсын Эдийн засгийн харилцааны
нийгэмлэг байв. Мөн Өмнөд Солонгост сурч байгаа монгол оюутнуудынхаа
урилгаар "Хаврын баяр"-т оролцож, тэнд ажилладаг монголчуудаа
цуглуулан Сөүлийг доргиож цусаа булгилуулсан "Монголын үдэш"
нүсэр шоуг зохион байгуулсан юм.
Парламентын танхим цуурайттал "Чингис, ура"
Ц.Элбэгдорж дарга Сөүлд айлчилсан эхний өдрийнхөө өглөө тус улсын Үндэсний Ассамблей /парламент/-
ын Эдийн засаг, санхүүгийн байнгын хорооны дарга ноён Чан И Хуатай уулзлаа. Урьд шөнө нь төвхнөсөн
"Империал палас" буудлаас Үндэсний ассамблейн ордныг зорин Хан мөрнийг хөвөөлөн давхихад саяхан
орсон борооны чийг, цэцэг, моддын үнэр ханхлаад хур үгүйлсэн бидэнд тун таатай. Хэдхэн хоногийн өмнө
халуун төөнөж байсан гэнэ, Сөүлд. Харин биднийг очиход сэвшээ салхи үлээж тэнгэр хангай нар, хураа
ээлжлэн илгээж чухам ивээв үү гэлтэй.
Хоёр эрхэм англиар хөөрөлдөж, ноён Чан И Хуа Монголын тухай юм бүхнийг шимтэн сонирхов. УИХ-д
ардчилагчид олонх болсон 1996 онд тэрээр анх улс төрд хөл тавьж байжээ. Парламентын сонгууль болоод
хагас сар л өнгөрсөн ч ажил төрөл нь жигдэрсэн гэнэ Одоо эрх барьж буй баруун чигийн намын зүтгэлтэн
тэрээр Ц.Элбэгдорж даргыг ардчиллын анхдагч гэдгээр нь мэддэг, Ерөнхий сайдын албыг хоёронтаа
хашсаныг нь ч дуулсан, хүндэтгэж явдгаа илэрхийлж байлаа. Монгол Улс хэчнээн хүн амтайг лавлав. Сөүлд
алхам тутамд л "монгол сарам"-тай тааралддаг болохоор их л өнөр өтгөн айл гэж санажээ. Харин 2,6 сая
хүнтэй, тэднээс 100 шахам мянга нь хилийн чинадад амьдарч сурдаг гэхээр толгой сэгсрэн инээж суув.
Богинохон хугацаанд болсон элэгсэг уулзалтын үеэр ноён Чаны Монголын тухай төсөөлөл эрс өөрчлөгдсөн
юм. Дандаа л говь цөл нутаг гэж төсөөлдгөө нуугаагүй тэрээр өндөр уулс, ой мод, нуур, устайг сонсоод
сэргэж "Чингис хааныг солонгос хүн бүр мэднэ. Бидний гарвал үүсэл нэг, хүүхдүүд маань хөх толботой
төрдөг шүү дээ" хэмээн цааш яриа өдөв. "Том нуур нь Байгаль мөн үү" гэж жаахан хойш "давуулав". Байгаль
далайтай эгч дүү Хөвсгөл гэдэг том нуур байдаг, Сөүлээс Улаанбаатар ороход онгоцоор гурван цаг илүүхэн
нисдэг гээд олон юм мэдэж авсан эрхэм Чан И Хуад "их хол" хэмээн бодож байсан Монгол нь хаяанд
буучихав бололтой, зун дөхөхөөр Улаанбаатарыг зорих янзтай.
Үндэсний ассамблейн чуулганы танхимд очихоор явж байх зуур хүүхдийн дуу хадах нь дуулдав. Нэгдсэн
хуралдаангүй тэр өдөр дунд сургуулийн сурагчид танхимыг эзэгнэсэн нь тэр. Ард түмэндээ нээлттэй, тэднээс
сонгогдсон парламент гэдгээ харуулж орох гэсэн хүн бүрт хаалгаа нээн тонголзох нь шивээ хашаагаар
ордноо тойруулаад тэр дотроо бүгэн суудаг манай түшээдээс тэс өөр. 299 гишүүнтэй Үндэсний ассамблейн
их танхимын зочдын суудалд 300-гаас илүү хүүхэд тухлан аав ээжийнх нь саналаа өгсөн эрхмүүд юу
хийдгийг тайлбарлуулж байв. Ноён Чан Монголоос ирсэн зочдыг танилцуулж, "монголчууд бол бидэнтэй
гарвал үүсэл нэгтэй ах дүүс, адилхан байгаа биз дээ" хэмээн багачуудтай найрсаг яриа үүсгэлээ. Харин
манай төрийн томчууд хүүхэд байтугай хүнтэй үг сольж чадах биш. Чингис хааныг солонгос хүүхдүүд сайн
мэддэг ажээ. Тэд "Чингис, ура" гэж парламентын танхимыг цуурайттал гурвантаа уухайллаа. Аргагүй
монголын мах, цусны тасархай ч юм уу даа.
Чихэнд чимэгтэй мэдээ: Визгүй зорчих уу?
Виз гэдэг үнэхээр хар яршиг болохыг сэтгүүлчид бид биеэрээ мэдрэв. Наашаа буцахын өмнөхөн
Улаанбаатарт цаг агаар таагүйтэж шороогоор шууурсны улмаас онгоц бүтэн хоногоор саатсан юм. Харин
маргааш нь Инчоны буудалд ирээд визийн хугацаа хэтэрсэн хэрэгт унаж эх орондоо эргэж ирэх эрхээ
хасуулж, хүний эрхээр хоёр эгнээ болон жагсч, "эмигрэшн"-д байцаагдаж, паспортаа "67" гэсэн тоотой хар
тамгаар мялаалгалаа. Тэр нь "өөрөөс хамааралгүй шалтгаанаар визийн хугацаа хэтрүүлсэн" гэсэн утгатай
зүйл гэнэ. БНСУ-ын хилээр ороход л элдэв саад учирч буцаагддаг гэж сонссоноос бус нутаг руу нь
явуулахгүй авч үлддэг гэж мэдэхгүй явжээ. Гэтэл шороон шуурганаас болж онгоцгүй нэг хоног саатсан
маань эх орондоо буцах эрхээ хасуулж, айлын "хар гэр"-т суух хангалттай шалтгаан болсон байна. Онгоцгүй
ч гэсэн урд өдөр нь Инчоны буудлын хилээр нэвтрээд гадаа хонох байсансан уу, эсвэл явган гараад наашаа
гэлдэрдэг ч байж уу. Иймэрхүү тээг саад биднийг зовоож эх орон нэгтнүүдийг маань айлын нутагт уядаг
билээ.
Ц.Элбэгдорж дарга БНСУ-ын гадаад хэргийн дэд сайдтай уулзах үеэр монголчуудын чихэнд чимэгтэй
сонсогдохоор яриа өрнүүлсэн юм. Энэ бол мэдээж мөнөөх визийн тухай асуудал. Визгүй болгочихвол
Монголд үлдэх хүн байх уу, бүгдээрээ Хангүг тийш цувчих юм биш биз гэсэн эргэлзээ мэдээж төрнө. Гэтэл
тийш явахаасаа наашаа чиглэх нь илүү гэсэн судалгаа гарчээ. Виз гэдэг садаа байдаггүй бол БНСУ-д хар,
цагаанаар ажиллаж амьдарч байгаа 33 мянган монголчуудын лавтайяа 17 мянга нь эх орондоо эргэж
ирээд хүссэн цагтаа буцах, аль эсвэл бүрмөсөн харих бодолтой байдаг гэжээ. Тэнд уулзсан монгол хүн бүр
л "Визгүй бол хариад ирэхсэн" хэмээн санаа алдах юм билээ.
Монголд ардчилал ялсны буянаар монгол хүн бүр гадаад паспорт өвөрлөж, алтан Москвагаас өөр газарт
зорчиж болдгийг мэдсэн. Гэтэл зарим оронд нэвтрэхэд мөрддөг журмын дагуу паспорт дээр наадаг
гуравхан хуруу өргөнтэй эрээн цаас гадагш амьдрал хөөн одсон олон мянган хүнийг өрх бүлээс нь
тусгаарлаж, үр хүүхдийг нь бэтгэрүүлж байна. Гэртээ хэд хонож гэргий хүүхэдтэйгээ уулзаад буцъя гэтэл виз
олдохгүй бол яах билээ, олдлоо гэхэд Солонгосын хил давуулалгүй ирсэн онгоцоор нь буцаагаад явуулдаг
болов уу. Энэ бүх айдас хүйдэс 30 гаруй мянган монгол хүнийг эх нутаг, гэр орноос нь хөндийрүүлж, харийн
нутагт сайн дураар "хоригдон" суух зовлонд унагадаг. Ардчилсан намын дарга БНСУ-ын Гадаад хэргийн
яаманд зочлохдоо "визгүй зорчицгоовол яасан юм бэ, ах дүүсээ" гэсэн санал тавилаа. Цаад талынхан
дургүйцэх болов уу гэтэл тэгсэнгүй, тун өөдрөг хүлээж авч байна. "Тэртэй тэргүй олон мянган монгол хүн
БНСУ-д ажиллаж байна. Визийн дэглэм хатуугаас болж олон хүн гэртээ харьж чадахгүй, салж сарнихад
тулж байна. Визийг чөлөөтэй болгоё" гэсэн Ц.Элбэгдорж даргын үгийг Солонгосын тал тун нааштай хүлээн
авлаа. "Хоёр талаасаа эр зориг гаргаад зүтгэвэл болохгүй асуудал биш" гэлээ. Агаарын тээврийн эргэлт
нэмэгдэж БНСУ-аас Монголд жуулчлагчдын тоо ч өсөх тооцоо гарчээ. Огт визгүй болдоггүй юм гэхэд олон
удаагийн визийг эхний удаад олгох эхлэл удахгүй бололтой.
Ардчиллын буянаар гадаад ертөнц нээлтэй болсон бидэнд ардчиллын буянаар БНСУ-д чөлөөтэй зорчих
цаг айсуй гэдэгт итгэнэ. Угсаа гарвал нэгтэй гэдгээ уулзсан хүн бүр илэрхийлж байсан манай хоёр орны
хооронд виз гэдэг хүнд суртлын бичиг баримт тотгор болдог цаг түүх болж үлдэнэ гэдэгт найдаж болох
эхлэлийг ингэж тавилаа. Тэр хугацаа түргэн наашлах болтугай.
www.news.mn

www.mongolianworld.com