"Хүнд заавал итгэж, шүтэж, дээдлэж явах бурхан байх ёстой бол тэр нь Миний Эх Орон-Монгол" Д.Хишигдэлгэр
Мэдээ-Мэдээлэл
- МЯНГАНЫ СОРИЛТЫН САНГИЙН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТАЛЛАА
- БРИТНИ ХVVХДVVД ДЭЭРЭЭ ОЧИХ
ЭРХГVЙ
- ХОЁР МИИЛИМЕТРЭЭС НИМГЭН
НОУТБУК
- Америкийн Колумбус-Т ХАМГИЙН
УРТ МОГОЙ БИЙ
- АНУ-ЫН ЭНЭТХЭГ-АМЕРИК
ГАРАЛТАЙ АНХНЫ МУЖИЙН
ЗАХИРАГЧ
- ХОВДОД ҮЛ МЭДЭГДЭХ ХУРЦ ГЭРЭЛ
ХОРОМХОН ЗУУР ЄНГЄРСЄН
дэлгэрэнгүй Сэтгэгдлээ нэмэх (0)
Даяар Монгол Сонинын Мэдээллийн Булан
|
МОНГОЛ ХҮН ГЭДЭГЭЭ
АЛХАМ БҮРДЭЭ
АМЬСГАЛАХ ТООЛОНДОО МЭДЭРМҮ БИ
"Mongolianworld"-ын мэндэлсэн өдөр асуй ...



Yл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах байгууллага үнэхээр бидний өмнөөс гүйдэг болов уу
“Ямар ч асуудалгүй бид таны байрыг худалдан борлуулж өгнө. Хэрвээ танд үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй бол манайхыг зориорой. Бид таны өмнөөс бүхнийг
хийнэ” гэсэн гоё үгтэй рекламууд телевизээр мөн ч олон удаа явах юм даа. Тэдгээрийг үзсэн хүмүүс “Цаг сайхан болжээ. Одоо ч юм худалдаж авах гэж өөрөө
гүйгээд байх хэрэггүй болж” гэж уулга алдацгаана. Бид ч бас тийнхүү уулга алдсаар үл хөдлөх хөрөнгийн нэгэн компанийн хаалгыг татсан юм. Эхлээд нэлээд
зар үзлээ. Сүүлдээ тус компанийн веб хаягаар зочилж хэрэгтэй гэсэн байрнуудынхаа газрын зураг маягийн юмыг хуулан аваад нийслэлийн нэг захаас нөгөөг
хүртэл бишгүй явав. Компанийн хаяг, танилцуулгаас хайсан газрынхаа жинхэнэ байршлыг олно гэдэг амаргүй. Учир нь манай хотын архитектур, хот төлөвлөлт
маш замбараагүй учир зураг барьж гүйгээд ямар ч нэмэргүй. Тодорхой хаяг, тоо тэмдэг гудамж байрнуудын үүдэнд барагтай л бол байхгүй.
Уг нь бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодоод хотоос зайдуухан, эрүүл агаарт боломжийн байшин худалдан авахаар шийдсэн юм. Ийнхүү хайсан эрснээ эс
олох тул үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн менежерүүдийн утсанд холбогдож тухайлсан хаягаа асуухаар шийдэв. Объект худалдан борлуулах ёстой
менежерүүд нь барагтай бол утсаа авахгүй. Авлаа гэхэд яг тэнд гэж зааж өгөх нь ховор. Бүр шалаад болохгүй бол утсаа салгаж орхино. Уг нь нэг ч гэсэн хүнд
зарлагдсан объектоо нарийвчлан заагаад өгчихвөл өөрсдөд нь тустай санагдана. Гэхдээ тийм биш бололтой. Аргаа бараад компанийнх нь оффис дээр очоод
учир байдлаа хэлбэл хүлээж авах хүн олдсонгүй. “Би ч хариуцдаггүй. Би ч мэдэхгүй. Хариуцаж байгаа хүн нь алга. Бичиг үсэг мэддэг юм бол интернэтэд
тавьсан зургаар хайгаад олохгүй юу” гэсэн доромж үгийг сонсоод эрэл мухардана. Гэсэн ч бууж өгөлгүй хувийн шугамаар эрж хайсаар сонирхсон газраа очиж
үзвэл нөгөө сайтан дотор сайхан үгээр рекламдаад тавьчихсан байсан үл хөдлөх хөрөнгө байшин гэхэд итгэмээргүй юм угтана. Хайран ч цагийн гарз гэж
халаглах нь холгүй дахиад өөр нэгэн байшинг үзэхээр нөгөө л улигт эрлээ үргэлжлүүлэв. Энэ ажилд бараг хоёр сар зарцуулсан юм.
Банкууд иргэдийн төлөө байдаг гэдэгт та итгэдэгүү
Телевиз асаах бүрт “Бид иргэн таныхаа төлөө бага хүүтэй янзын гоё зээл санал болгож байна. Та замдаа төөрчихөлгүй манайд л ирээрэй” гэсэн амттай
реклам өдөр шөнөгүй хөвөрдөг. Мэдээллийн эрин үеийн зарчимд захирагдан бид ч бас тэр зарлалуудын мөрөөр банкуудын хаалгаар улаа элэгдтэл эргэлдэв.
Залуу гэр бүлийг дэмжих хэдэн арван хөтөлбөр өрнөж байгаа бөгөөд ялангуяа банкууд энэхүү хөтөлбөрийг идэвхтэй дэмжигч гэж итгүүлэхийг хичээдэг. Гэсэн ч
зориод очсон залуусын хувьд тэдгээр хөтөлбөрийн аль нэгэнд хамрагдах амаргүй бололтой. Дор хаяад нэг өрх сард нэг сая таван зуугаас дээш төгрөгийн
орлоготой байх ёстой. Уучлаарай, манайд ажил хийдэг хоёр л хүн байдаг. Yлдсэн хоёр нь бага насны хүүхэд. Бидний амьдарч байгаа энэ цаг үед нэг
ажилчиндаа 750.000 төгрөгийн цалин өгдөг хоншоортой компани байдаг бил үү гэсэн асуултыг тэр өдрүүдэд дэмий л өөрөөсөө асууж байлаа. Тэгэхээр
банкуудын сайхан амлалтууд цалингаараа амьдардаг жирийн иргэдэд огт хүртээлгүй гэсэн үг.
Эхний оролдлого “Хаан” гэдэг гоё нэртэй том банкны хүлээлгийн өрөөнд тоостойгоо хутгалдан нуран уналаа. Зөвхөн өргөдөл өгөхөд 15.000 төгрөг хураан
авсан санагдаж байна. Учрыг нь тодруулахад зээлийн эдийн засагчид энэ хөлсний хариуд бидний материалыг бүрдүүлж, судалгаа хийх ёстой аж. Гэвч бид
өөрсдөө худалдан авах гэж байгаа байшингаа олж, үл хөдлөхөөс лавлагаа авч, эрхэм эдийн засагчийг өөрсдийн унаагаараа өнөөх байшиндаа аваачиж зураг
хөргийг нь авахуулж, хүссэн бүхнийг нь хоромхон зуурт гүйцэтгэж байлаа. Гэсэн ч “Уучлаарай, та таван жилийн өмнө манайхаас авсан цалингийн зээлийн
төлөлтөө хугацаанаасаа оройтож барагдуулсан байна” гэсэн шалтгаанаар хамаг ажил нуран уналаа. Долоо, найм хоног шахам гүйж, эцэж цуцталаа
цуглуулсан өнөөх олон цаас ийнхүү өргөдлийн хураамж болох 15.000 төгрөгтэйгээ “хог” болов. Бидний таван жилийн өмнөх амьдралыг өнөөдрийнхтэй
адилхан байна гэж төсөөлсөн банкны ажилтнуудад гомдох уу, эсвэл тухайн үед цалингаа цагтаа тавьдаггүй байсан байгууллагадаа гомдох уу гэдгээ шийдэж
чадсангүй. Хэдий зээл төлөлт оройтсон ч банк илүү хоног бүртээ хүү, алданги тооцож байсан гэдгийг хэлмээр санагдав. Yнэндээ бол өргөдлийн хураамжийн
дагуу зээлийн эдийн засагчид ямар судалгаа хийдгийг ойлгоогүй. Олны хэлэлцэх нь “Банкинд танил талгүй л бол зээл авах амаргүй байдаг” гэлцэнэ. Энэ үнэн
гэдгийг алхам тутамдаа мэдэрч байлаа. Гэхдээ бид аль нэг танилаар дамжуулан цаг хугацаа алдах, хэн нэгний гарыг хүндрүүлэхэд 200-300 мянган төгрөг
төлөөд явах сонирхол байсангүй. Ийм шаардлага тавигчидтай ч нэг бус удаа таарч байлаа. Эцэст нь нэг л зүйлийг ойлгож авлаа. “Хадгаламж”, “Монгол
шуудан”, “Хас”, “Худалдаа хөгжил” гээд олон ч банкны тавьж буй шаардлага амьдралын бодит үнэнтэй огт нийцдэггүй юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэхээр
зээлдэгчийн бүрдүүлэн ирж байгаа орлогын мэдүүлгүүд ч бас бодит бус гэсэн үг. Бас тэдгээрт ажиллаж байгаа ажилчид яг л дотор нь сууж байгаа өндөр
шилэн байшин шигээ өндөр шилэн зантай залуус байдгийг анзаарав. Тэдгээрийн хэн нэгнээс асуулт асууна гэдэг бол там ажээ.
Мөнгө зүгээр л ус мэт урсдаг
Арай гэж нэг юм ажлаа хийсэн шиг хийдэг хүмүүстэй таарав. Удтал гүйсэн уйгагүй ажлын шагнал болгож “Азийн хөгжлийн банк” итгэл хүлээлгэлээ. Гэхдээ л 10
жилийн дотор үндсэн төлбөрөөсөө лав хоёр дахин их мөнгийг зөвхөн хүүнд нь төлөх юм билээ.
Ингээд зээл бүтсэн ч ажил дундарсангүй. Yл хөдлөхөөс олон нэр төрлийн лавлагаа авч, бас тэдгээрийнхээ төлөө зүсэн бүрийн мөнгө төлөх ёстой болов. Yл
хөдлөх хөрөнгө худалдан зуучлах компанийн хураамжууд, элдэв банкнуудын өргөдлийн хураамж, ийш тийш зогсоо чөлөөгүй давхисан унааны зардал, элдэв
янзын цаас, гарын үсэг, зарын сонин гээд алхам тутамд мөнгө яг л цаас шиг хийсэн алга болж байлаа. Дээр нь үл хөдлөхөд дахин дахин төлөх мөнгөнүүд…
Тэдгээрийг төлснийхөө хариуд хоёр өгүүлбэртэй атгахан цаас л авна. Хажуугаар нь намрын аагим халуун наранд өдөржин шахам чихэлдэж түлхэлдэн
бухимдсан хүмүүсийн хөлс, уур уцаарыг тэвчин өнгөрөх эр зориг тэвчээр хатуужилтай байх шаардлагатай. Аягүй бол лавлагаа өгөх ёстой ажилтан нь дотоод
ажилтай гээд алга болчихвол хүлээлт дахин нэг, хоёр хоногоор ч сунжирч мэднэ. Энэ бүхнийг тэсээд туулсны дараа эзэмшигчээрээ бичүүлсэн үл хөдлөхийн
гэрчилгээ маань алдаатай хэвлэгдэн гараад иржээ. Харин үүнийг засч залруулж өгөхөөр хөөцөлдөх ёстой үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулагчид маань
бидний өмнөөс юу ч хийсэнгүй. Алдаатай үл хөдлөхийн гэрчилгээ тэр хэвээрээ одоо банкинд хадгалагдаж байгаа.
Хэдийгээр ширхэгчлэн тоолбол үйлдэл бүхэндээ төлсөн мөнгөний дүн бага юм шиг боловч нийлүүлээд тооцоход бид хүссэн байшингаа олж авахаар
хөөцөлдсөн хугацаандаа нийт хоёр сая гаруй төгрөгийг бусдад зүгээр л өгчихсөн байлаа.
Хүнд суртал яг хаана байдаг вэ
Намрын халуун өдрүүд дөнгөж эхэлж байхад эхэлсэн байшинтай болох оролдлого өвлийн дунд сард сая нэг юм дуусав. Байшингаа нэгэнт худалдан авсан
бидний хувьд хийх ажил их байлаа. Арайхийн цуглуулсан хэдэн зоосоо байшин болгоод авсан бидэнд дахиад л мөнгө хэрэгтэй болов. Яагаад гэвэл бид авсан
байшиндаа засвар хийх ёстой. Харамсалтай нь дотоодод зарагдаж байгаа барилгын материалын чанар, эрэлтэд нийцсэн байдал нь ганц сарын л настай юм
билээ. Ах дүүс, найз нөхдийнхөө дэмээр энэ бүхний ард арайхийн гарав. Одоо л нэг амар жимэр амьдрах нь дээ гэтэл асуудал ар араасаа ундран гарч ирлээ.
Нэгэн орой ажлаа тараад гэртээ ирэхэд цахилгаан тасарчихаж. Орчин тойрноо харвал ганц манайх л гэрэлгүй байгаа нь илт. Өвлийн хахир хүйтэнд нэг шөнө л
галлахгүй хоновол өнөөх нам даралтын зуух нь хөлдчихөж мэдэх аюултай учраас учир мэдэх хүмүүстэй нь холбоо барихаар ийш тийш баахан утас цохив. Энэ
айлын цахилгаан яагаад тасарсныг хэлж мэдэх хүн байсангүй. Ажлын цаг дууссан тул ёстой “sorry” бололтой. Сүхбаатар дүүргийн цахилгаан эрчим хүчийг
хариуцсан байшинг эрж хайсаар үдшийн 10 цагийн орчимд олж очлоо. Жижүүрээс нь хариуцсан гэрлийн байцаагчийнхаа утсыг аваад холбоо баривал
“Танайх 300 гаруй мянган төгрөгийн өртэй. Түүнийгээ төлөхгүй бол тог залгахгүй” гэсэн шазруун хариулт сонсов. Бид нүүж орж ирээд дөнгөж л гурав хонож
байгаагаа хэлэхэд мань байцаагчид энэ бүхэн огт хамаагүй гэнэ. Яагаад бид хэн нэгний хэрэглэсэн цахилгааны мөнгийг төлөх ёстой гэж. Арай гэж яс салаад
байсан улигт үл хөдлөх хөрөнгө зуучлан борлуулагчидтайгаа дахиад л нүүр тулах ёстой болов. Харин тэд “Ёстой санаанд ороогүй юм байна. Цаашдаа л энэ тал
дээр анхаарч байхаас” гэсэн хариу өглөө. Мөнгөө л авч байвал цахилгаан эрчим хүчээр хангах байгууллагад хэн төлөх нь хамаагүй байдаг бололтой. Тиймээс
тухайн айл нүүгээд алга болчихлоо гэхэд өр шир нь үлдсэнийх нь нэр дээр автоматаар шилжин ирдэг аж. Ийм шударга бус тогтолцоог зохицуулдаг арга чаргыг
тэд бодож олоогүй бололтой.
Цахилгааны асуудал өнгөрсөн гурван сарын турш биднийг амар тайван байлгасангүй. Өдөртөө бид ажилдаа явахдаа нам даралтынхаа зуухыг хөлдөөхгүйн
тулд моторыг нь залгаатай орхихоос өөр аргагүй байдаг. Харин сарын эцэст цахилгаан ашигласны төлбөр 100 мянга гараад явчих нь тэр. Эхэндээ гайхаж
байсан ч харанхуй суухгүйн тулд бичигдсэн мөнгийг тэр даруйд нь төлж орхив. Ингээд цочролд орсон бид цахилгааныхаа мөнгийг хэмнэх арга барилд
шилжлээ. Өдөр залгадаг байснаа болиод мөнгө арай бага гүйдгээр нь шөнө л зөвхөн залгаж, оройн хоолоо өнжөөд нэг иддэг болж үзлээ. Гэсэн ч цахилгааны
мөнгө сарын дараа өмнөхөөсөө төдий л бууралгүй 100 мянга гэсэн аймшигт тоон дээр данхайж байх нь тэр. “Яагаад?”. Энэ асуултын хариуд гэрлийн байцаагч
маань мөрөө хавчиж байна. Тэр сурсан зангаараа хэлж ярих ч үгүй, сануулах ч үгүйгээр цахилгаанаа салгаад л алга болно. “Тэд хэлж сануулах албагүй” гэнэ.
Дүүргийн эрчим хүчний газарт очиж 3500 төгрөг төлөөд тоолуураа шалгуулах дуудлага өглөө. 10-аад хоног хүлээв. Хэн ч ирсэнгүй. Дахин дахин очиж учир
байдлыг нь тодруулах гэж гүйсээр сүүлдээ бухимдан дарга дээр нь орлоо. Харин нүд ам нь гялалзсан дарга бүсгүй “Бид цайндаа орж байна. Одоо хүнтэй
уулзахгүй. Цаашаа, цаашаа” гэж уцаарлан хэлчихээд алга болов. Гарахынхаа өмнө тэр эргэж ч харалгүй “Өргөдлөө бичээд орхичихгүй юу” гэлээ. Өргөдөл
бичиж өгөхөөр нарийн бичиг гэх бас нэг бүсгүйн өмнө очиж “Тусгай харьцааны журмаар бидэнтэй харьцах ёстой” гэсэн ширүүн үгээр булуулж байж ганц хуудас
цаас гуйж аваад өргөдөл тэрлэлээ. Гэхдээ тэд өргөдөл мөргөдөлхөний араас хариуцлага тооцоод байдаггүй бололтой. Асуудал одоог хүртэл шийдэгдээгүй л
байна.
Байцаагчаа шалж байж айлын хашаанд байрлуулсан төмөр сейф шиг савыг нь онгойлгуулж үзэхэд электрон тоолуур зургааг байрлуулсан байлаа. Бид хэзээ
нь тоолуураа хянаж, тэд хэзээ нь гарсан мөнгөний тоог бичдэг нь тодорхойгүй.
Өнөөдөр ч бас л цахилгаангүй болчихож. “Дахин бичигдсэн 100 мянган төгрөгийг төлчихөөд байхад гэрэлгүй болгоно гэнээ” гэсэн бухимдал төрж оройн 18
цагийн үед өнөөх дүүргийнхээ эрчим хүчний газар луу баахан утас цохив. Харилцуур авсан бүсгүй мөн л “Мэдэхгүй. Ажлын цаг дууссан” гэсэн хариултаа өгөв.
Түүнээс хариуцсан байцаагчийн утсыг асуухад мөн л мэдэхгүй гэв. Гэвч удтал ийш тийш утас цохисны эцэст энэ хавьд цахилгааны гэмтэл гарснаас засвар хийж
байгаа гэсэн мэдээлэл авлаа. Харин өнөөх дүүргийн лавлах утсан дээр суугчид чухам юугаа мэдээлэх гэж цаг баран тэр утсыг сахин суудгийг бас л ойлгоогүй.
Гүйгээд бай, гүйгээд бай…
Гүйгээд л байхад гүйлгээд байх сонирхолтой албан тушаалтан олон байдаг бололтой. Бүр шат давхарга болгонд тэд амаа аймшигтайгаар жимийгээд хэзээ
хэзээгүй хэрэлдчих гээд байдаг ширүүн зангаа арайхийн тэвчиж суудаг байх гэж санагдана. Оршин суугаа хороондоо “Бид энд ирлээ” хэмээн бүртгүүлэхээр
дөрвөн ч удаа оров. Нэг бол хариуцдаг хүн нь байхгүй. Нэг бол цайндаа орсон. Арайхийн асууж сураглаж байж зохион байгуулагч бүсгүйтэй уулзан бүртгүүлэх
гэж ирснээ дуулгав. Харин тэр нэлээд цухалдангуй янзтай “Хаягаа олж ир” гэсэн хариу бариад өрхийн дэвтрийг маань чулуудчихав. Учир нь бид хэн нэгний
эзэмшил дээр хулгайн замаар ирчихээд бүртгүүлэх гээд байж магадгүй гэнэ. Yл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэрчилгээг маань банк хураагаад авчихсан тул яг
ямар хаяган дээр ирснээ нарийн мэдэхгүй байлаа. Гудамж, хаалганууд дээр ямар ч хаяг тэмдэглэгээ байсангүй. Ингээд цахилгаан эрчим хүчний гэрээ хийсэн
дэвтрээ бариад хэд хоногийн дараа өнөөх бүсгүй дээр дахин очлоо. Яг хэд хоногийн өмнөх шигээ нэлээд бухимдангуй сууж байсан тэрээр түрүүчийнхээсээ ч
ширүүнээр “Энэ дэвтэр дээрх хаяг чинь худлаа байдаг юм” гээд дэвтрийг маань буцаагаад чулуудчихав. “Та нар өмнө нь байсан хүний нэрээр шүүгээд биднийг
бүртгээд авчихаж болдоггүй юм уу?” гэхэд ёстой л “Битгий солиор” гэх нь халаг юм болов. Ингээд ууртай хүүхэн, уурласан иргэн бид хоёр галтайгаа бууж “чи би”-
дээ хүрээд сүүлдээ бүр хороон даргатайгаа уулзаж учрыг нь асуух дээрээ тулав.
Тэдний анхааруулж байгаагаар бол оршин суух газраа сонгохоосоо өмнө хороон даргыгаа сайтар судалж, нарийн холбоо тогтоох ёстой бололтой. Ингээд
оршин сууж байгаа газраа бүртгүүлэх эрхтэй эсэхээ мэдэхээр дүүргийнхээ Тамгын газрын дарга дээр орж болсон явдлаа хэлэв. Тамгын дарга ч тэр дор нь утас
цохиж өнөөх хорооны ажилтан бүсгүйд хэдэн ширүүн үг хэлээд авав. Дараа нь тэрээр “Та үл хөдлөх хөрөнгө худалдан авсан юм бол түүнийхээ хуулбарыг ч
болтугай өөртөө аваагүй нь хариуцлагагүй явдал” гэж анхааруулснаар би дахиад л зээл авсан банк руугаа хэд хоног шогшсон доо.
Дайралтууд зөвхөн үүгээр ч зогсохгүй…
Өдөр тутмын амьдралд өөр өөр хэрэгцээ шаардлага гарсаар, тэр хэмжээгээр саад тотгор, хүнд суртал, хэрүүлч бас залхуу, хариуцлагагүй хүмүүс биднийг ээрч
хоргоосоор байдаг энэ нийгэмд амьдрах гэж зүтгэж байгаа жирийн иргэн та хэзээ ч амар заяа үзэхгүй биз ээ. Ядаад л алдар нэр нь цуурайтсан “Номин”
супермаркетаар үйлчлүүлэхдээ бухимдалгүй гарч чаддаг гэж үү? Цагаа хэмнэж бүгдийг нэг дороос цуглуулахын тулд эднийхээр л орох шаардлагатай болдог.
Нэг удаа үйлчлүүлэхдээ 50-90 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд гардаг үйлчлүүлэгчийнхээ дааж ядан цуглуулсан барааг машинд нь хүргээд өгөх сэтгэл
тус дэлгүүрийнхэнд лав байдаггүй. Бараагаа сурталчлан таниулах ёстой худалдагчид нь хэзээ ч асуусан зүйлд хариу өгдөггүй. Ер нь бол лангуунуудын дэргэд
хэн ч байдаггүй гэхэд болно.
Арайхийн дүрэмт хувцастай ажилтныг нь зогсоогоод шинэ ирсэн барааных нь талаар асуухад ямар ч мэдэгдэхүүнгүй байдаг. 10-аад касс зоочихсон хэрнээ
ихдээ л гурав нь ажилладаг. Тэдгээрийн хажууд яг соц үеийнх шиг уртын урт дараалал үүсэж, уцаарласан ярвайсан мөнгө хураагчид нь хөдөлж ядан зогсдог.
Хувиараа гар урлал болон ямар нэгэн бүтээл туурвигчид “Номин”-той гэрээ хийж бараагаа заруулах нь олонтаа. Харин өдөр цагаа нарийн заасан тооцоо хийх
өдөр нь хэтэрхий цөөхөн. Яг тэр цагт нь яваад очвол мөн л хийсэн ажлынхаа хөлсийг авах гэсэн цаг зав багатайхан хүмүүсийн бухимдсан урт дараалал угтана.
Дугаарлаж дугаарлаж өдрийн хагасыг бараад сая нэг юм тооцоогоо хийх болоход нягтлан хүүхнүүд нь гэнэт хаа нэг тийшээ гараад алга болчихно. Баахан удаж
удаж ирээд л ажлын цаг дууссанаа зарлаад алга болно. Yгүй бол шидтэй юм шиг компьютерийн сүлжээ нь тасарч орхино. Өөрсдийгөө монополь болчихсон
шахуу ойлголттой болж байгаа иймэрхүү нийтийг хамарсан томоохон үйлчилгээний газруудыг шахан гаргах зах зээлийн эрүүл систем манайд мөн л тогтоогүй
байна.
100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн газарт ч бас иймэрхүү урт дараалал, үдийн цайгаа бусдын амь амьдралаас өндөрт тавьсан хэрцгий үзэгдэлтэй
иргэн та өдөр бүр шахам учирна. Бүтэн хоёр дугаарлан зогсчихоод 12 цагт 10 минут дутуу байхад ганц лавлагаа авч чадалгүй эрхмүүдийг цайлаад дуусах ёстой
14 цагийг хүлээх хэрэгтэй болчихсондоо бухимдсан нэгэн иргэн хариуцагч даргад нь гомдол мэдүүлсэн боловч “Та өөрөө зөв харьцаагүй юм биш үү?” гэсэн
хачирхмаар асуултаар амаа үдүүлж байсан нь бий.
Утаагүй хотын иргэн болох гэсэн бас нэгэн бүтэлгүй оролдлого
Орчноо бохирдуулсан хорт утаа, шаардлага хангадаггүй Хятадын нам даралтын зуухнаас салахаар шийдсэн манай гэр бүл Технологийн үндэсний паркад
зарлагдсан утаагүй түлшний үзэсгэлэнг зорилоо. Yнэндээ тэнд жирийн иргэний хэрэгцээнд тохирсон боломжийн чанартай үнэтэй зуух бараг байсангүй.
Герман, Швед, Орос, Болгараар овоглосон ганган чамин цөөн хэдэн цахилгаан зуух байх авч бүгд л 380 вольтоор ажилладаг гэнэ. Мэдээж тэдгээрийнх нь үнэ
тэнгэрт хадсан өндөр. Харамсалтай нь шууд л өөрийнхөө гэрт аваад тавьчихаж болмоор энгийн төсөрхөн бүтээгдэхүүнийг тэндээс олж эс чадав. Ингээд
Оросын технологийг эх орондоо нэвтрүүлэхээр монгол зохион бүтээгчийн урласан нэгэн цахилгаан зуух 220 вольтод холбож болдог гэдгийг олж мэдээд
түүнийг үйлдвэрлэгч компанид захиалгаа өгөхөөр шийдэв. Танилцуулга дээрх утсаар холбогдсон менежер нь азаар өнөөх зуухыг зохион бүтээгч өөрөө
байсанд хэрдээ л олзуурхав. Манай байшингийн талбай хэмжээ, бас бус зүйлийг урьдаар үзэх хэрэгтэй гэснийх нь дагуу зохион бүтээгчийг гэртээ урив.
Тэрээр ирээд “Асуудалгүй, манай зуухыг энд тавьж болно” гээд 650.000 төгрөгөө бэлэн тоолж аваад алга болов. Долоо хоногийн дараа тавих ёстой зуух нь
өвлийн дагжим хүйтэн жавар тачигнасан хоёрдугаар сар шувтрахад чимээгүй л байлаа. Удтал хэл ам хийж хөөцөлдсөний эцэст бид компанийнх нь
удирдлагуудтай уулзаж гомдлоо хэлэв. Сонирхолтой нь, тухайн ажилтан энэхүү захиалгын талаар компанидаа огт мэдэгдээгүй бөгөөд мөнгийг нь ч дансандаа
оруулаагүй гэж дарга цэрэггүй гайхан суух аж. Харин өнөөх ажилтны хэлж байгаагаар бол “Yзэсгэлэн дээр тавигдсан зуухны үнэ, хэрэглээний үнийн тооцоо нь
зүгээр л үзүүлэн төдий зүйл байсан. Тиймээс бид дахин судалгаа хийх шаардлагатай” гэх утгатай байлаа. Түүнд бид дахин итгэж чадахаа байсан тул төлсөн
мөнгөө компаниас нэхэмжлэн авав. Харин захирал нь болох залуу бидэнд өнөөх захиалсан зуухыг маань үнэ төлбөргүй тавьж, туршилтын ажилд хамтран
оролцохыг хүсэв. Бид ярилцаад энэ саналыг нь хүлээн авсан боловч түүнээс хойш гал түлдэггүй зуухаа гэртээ суурилуулах сайхан цагийг хүлээсээр дахин нэг
сар өнгөрчихсөн байх аж.
Эцэст нь хэлэхэд, хэрвээ та Монгол Улсын иргэн болж төрсөн бол хохь чинь. Гэхдээ танд нэг л давуу эрх бий. Энэ бол сонгууль. Ганцхан тэр мөчид л та иргэн
хүн гэдэг ямар чухал болохыг мэдэрнэ. Харин бусад үед нь боолоос дорд үзэгдэж, босгоны шорооноос дээр харагдахгүй байх вий. Тиймээс би л хувьдаа
удахгүй болох сонгуульд олон “сайхан” зууш бэлдэж байгаа нэр дэвшигчдэд бүү итгээрэй гэж таныг уруу татмаар байна. Маргааш ч бас хөөцөлдөх олон ажил
бий. Харин намайг ямархуу хэрцгий догшин тогтолцоотой байгууллага, албан тушаалтан угтан авахыг одоогоор хэлж мэдэхгүй нь.
Х.Сэргэлэн
origo.mn